БНСУ армийн хуулиа өөрчилж магадгүй

3246

БНСУ армийн хуулиа өөрчилж магадгүй талаар тус улсын зарим хэвлэлд онцолжээ. Одоо мөрдөж буй хуулиар бол эрүүл саруул бие бялдартай солонгос эр хүн бүр 28 нас хүрэхээсээ өмнө цэргийн албанд татагдаж, 21 сар эх орондоо зүтгэх ёстой.

Гэхдээ урлагийнхан болон их спортынхон тодорхой шаардлага хангасан тохиолдолд өршөөл үзүүлэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл олимпоос медаль хүртсэн эсвэл Азийн Наадамд түрүүлсэн тамирчид өршөөлд хамрагддаг. Энэ жилийн Азийн Наадамд олны анхаарлын төвд байсан тамирчин бол алдарт хөлбөмбөгчин Сон Хын Мин. Тэрбээр дөрвөн жилийн өмнө нутагтаа болсон шар тивийн олимпод оролцох хүсэлтэй байсан ч тухайн үед Германы “Байер Леверкузен” багийн эзэд зөвшөөрөл өгөөгүй аж.

Тиймээс энэ жил Английн “Тоттенхэм”-ээс зөвшөөрөл авч, Индонезийг зорьсон. Английн дээд лигийн улирал эхэлсэн тул ийм үед түүнд эх орныхоо төлөө зүтгэх боломж олгосонд Сон ихэд талархсан юм.

Тэрбээр энэ талаар “Энэ тийм ч амар шийдвэр биш. Хэрвээ Азийн Наадамд түрүүлээгүй бол хамтран зүтгэгчдээсээ уучлалт гуйх байлаа” гэж ярьжээ.

Өдгөө 26 настай Сон Хын Мин Английн “Тоттенхэм” клубтэй таван жилийн гэрээг шинээр үзэглэсэн. Хэрвээ Азийн Наадамд түрүүлээгүй бол тэр энэ гэрээгээ цуцлаад цэрэгт явах магадлалтай байсан юм.

Тэгвэл тамирчид болон урлагийнханд хатуу ханддаг цэргийн хуулийн талаар БНСУ-ын армийн томоохон албан тушаалтан, генерал Ки Чан Со хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ хуулийг өөрчлөх талаар хэлэлцэж магадгүйг дуулгасан байна. Цэргийн уг хөтөлбөрийг шударга эсэх тал дээр хэлэлцээд цаашид цуцалж магадгүй талаар Ки Чан Со ам нээжээ.