Казахстаны уран гулгагч Денис Тенийг өнгөрсөн долдугаар сард хутгалж хөнөөсөн хэрэг гарсан юм. Сэжигтнүүд хохирогчийн машины толийг хулгайлах оролдлого хийгээд зугтах үедээ талийгаачийг хутгалсан нь батлагдсан. Энэ хэрэгт холбогдуулан хоёр сэжигтэн баригдсан бөгөөд хохирогч эмнэлэгт очих үедээ гурван литр цус алдсан тул нас барсан билээ.
Энэ хэргйн талаар Казахстаны Дотоод хэргийн сайд Калмуханбет Касимов “RIA Novosti”-д өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор энэ сарын сүүлээр мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжих болов уу. Хоёр сэжигтнийг дээрэм, хулгайн хэрэг болон хүн амины хэргээр буруутгаж байгаа” гэж ярьжээ.
Цагдаагийнхан гэмт хэрэг болсноос хойш удалгүй 24 настай Нурали Киясов, 23 настай Арман Кудайбергенов нарыг саатуулсан. Тэд хэргээ хүлээсэн ч хүн алах зорилгогүй байснаа цагдаа нарт мэдүүлсэн юм.
Д.Тен Сочигийн олимпийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн. Уран гулгалтын төрөлд олимпоос медаль зүүсэн анхны казах тамирчин болж байв. Түүнчлэн ДАШТ-ий хошой медаль хүртэж, улсынхаа аваргад таван удаа түрүүлсэн юм.