Нэрт тулаанч Норифүми Ямамото 41 насандаа таалал төгсөв

1903

Японы холимог тулаанч Норифүми Ямамото 41 насандаа хорт хавдраар өөд боллоо. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард хорт хавдартай болсноо олон нийтэд зарлаж байв.

Японы Шүүто болон К-1 тулааны холбооноос мэргэжлийн гараагаа эхэлж, 2011 онд UFC-д анхны тулаанаа хийсэн туршлагатай. АНУ-д дөрвөн тулаан дараалан хийсэн ч гуравт нь ялагдаж, хамгийн сүүлд 2015 онд Роман Салазартай хийсэн ч тулааны үеэр өрсөлдөгчийнх нь нүд гэмтсэн тул ялагч тодроогүй.

Хэдийгээр UFC-д өндөр амжилт үзүүлээгүй ч К-1-д өөрийгөө нотолж чадсан тулаанч юм. Тэрбээр 2004 онд манай Ж.Нарантунгалагтай тулалдаж, ялалт байгуулсан удаатай.



“Хүүхэд” хочтой Норифүми удам дамжсан бөх хүн. Түүний эцэг Икүей Ямамото 1972 оны олимпод оролцож байсан бол эгч Миюү Ямамото чөлөөт бөхийн ДАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Дүү нь болох Сэйко Ямамото дэлхийн дөрвөн удаагийн аварга аж.

Тэрбээр АНУ-д ахлах сургуулиа төгсөж, мужийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд гурван удаа оролцсон нэгэн.