Дарья Билодид хамгийн залуу дэлхийн аварга боллоо

4528

Азербайжаны нийслэл Баку хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д Украины залуу од Дарья Билодид бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялсаар дэлхийн аварга цол хүртлээ.

Тэрбээр хагас шигшээд олимп, дэлхийн аварга Аргентинийн Паула Паретог, алтын төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Фүна Тонакиг ялснаар 17 нас, 345 хоногтойдоо дэлхийн аварга болж, шинэ амжилт тогтоолоо. Харин энэ жинд хүрэл медалийг Казахстаны Г.Отгонцэцэг, Аргентинийн Паула Парето нар хүртсэн. Г.Отгонцэцэгийн хувьд дэлхийн хошой хүрэл медальтай болж буй бол П.Парето ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэлтэй боллоо.

Харин манай жүдоч М.Уранцэцэг шагналт V байр эзэлсэн юм. Тэрбээр хүрэл медалийн төлөө Г.Отгонцэцэгт ялагдсан билээ.

Дарья Билодид 17 насандаа насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн анхны жүдоч болов. Түүнээс өмнө хамгийн залуу дэлхийн аваргаар 18 нас, 27 хоногтой Японы Рёко Тани-Тамүра нэрлэгдэж байсан юм. Одоо 43 настай япон бүсгүй мөн л 48 кг-д босоо явсан нэгэн. Тэрбээр олимпын хошой аварга, хошой мөнгө, нэг хүрэл медальтай. Түүнчлэн ДАШТ-ээс долоон алт, нэг хүрэл медаль хүртэж байв.

Сонирхуулахад, эрэгтэй хамгийн залуу дэлхийн аварга бол Францын Тэдди Ринер. Тэрбээр 18 нас, 159 хоногтой байхдаа энэ цолыг хүртсэн түүхтэй.

Ийнхүү Д.Билодид жүдогийн эх орон япон бөхчүүдэд ялагдаж үзээгүй гэсэн бардам амжилтаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн ДАШТ-д Казахстаны Г.Отгонцэцэгт ялагдсанаас хойш оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, нийт 30 дараалан ялалт байгууллаа.

Дашрамд, Д.Билодидын эцэг Женнади Билодид ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга жүдоч юм.