Баку 2018: 11 жилийн дараа +100-д шинэ аварга төрлөө

2563

Жүдо бөхийн ДАШТ-ий хувийн барилдаан өчигдөр өндөрлөв. Сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн +78, эрчүүдийн +100 кг жинд аваргаа тодруулсан юм. +100-д 2007 оноос хойш ноёрхсон Францын Тедди Ринье аварга анх удаа өнжиж, нэгэн арваны дараа шинэ аварга төрөх нь нэгэнт тодорхой болчихсон байв. Тамирчдын хорооны даргын үүрэг гүйцэтгэж буй франц эр “Токио 2020” олимпоос өмнө амрахаар төлөвлөсөн учир энэ удаагийн ДАШТ-д зодоглоогүй. Гэхдээ “Тэдди баавгай” дараагийн дэлхийн аварга болох магадлалтай жүдочоор Гүржийн Гүрам Түшишвилиг нэрлэж байсан юм. Энэ үг биелэлээ олж, Г.Түшишвили хэмээх 23 настай гүрж эр Азербайжаны сүүлийн найдвар болсон Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр ялснаар Гүржээс жүдогийн дэлхийн аварга болсон гурав дахь бөх боллоо.

Энэ жинд хүрэл медалийг Монголын Ө.Дүүрэнбаяр хүртэв. Тэрбээр олимп, дэлхийн аварга Чехийн Лукас Крпалекийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 16 дахь жүдоч боллоо. Харин +100 кг-д дэлхийгээс медаль авсан хоёр дахь тамирчин юм. Харин хэсгийн аваргын төлөө манай бөхөд ялагдсан Японы Хисаёши Харасава Узбекистаны Бекмурод Олтибоевыг давж, олимп, дэлхийн медальтан боллоо.

Эмэгтэйчүүдийн хүнд жинд Японы Сара Асахина дэлхийн аварга цолоо хамгаалав. Түүнтэй аваргын төлөө олимпийн алт, мөнгө, хүрэл, дэлхийн хошой аварга, мөнгө, дөрвөн хүрэлтэй Кубын Идалис Ортис өрсөлдсөн. Энэ хоёр жүдоч ДАШТ-д өмнө нь хоёр удаа таарч байв. Эхлээд С.Асахинаг дөнгөж 16 настай байхад буюу 2012 онд учраа таарч, И.Ортис туршлага заасан бол өнгөрсөн жил хагас шигшээд учраа таарч, япон бүсгүй хариугаа авч байв. Энэ жинд хүрэл медалийг Боснийн жүдоч Лариса Серик, Туркийн Кайра Саит нар хүртсэн юм.

Ийнхүү япончууд нийт долоон алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр илт давуу түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн хоёр жинд аваргалж, нэг жинд хүрэл медаль хүртсэн БНСУ-ын баг удаалав.  Харин Францын шигшээ баг нэг алт, нэг мөнгө, хос хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр гуравдугаарт жагслаа. Харин манай улсын шигшээ баг гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 14 дүгээр байрт оржээ. Япон, БНСУ, Франц, Гүрж, Иран, Украин, Испаниас аваргууд мэндэлсэн бол Куба, ОХУ, Нидерланд, Азербайжан, Казахстан, Их Британийн жүдочид мөнгөн медаль хүртсэн юм. Нийт 125 орноос 20 улс л ямар нэг медаль хүртжээ.