Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий гурав дахь өдөр манай зургаан бөх хүч сорино. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 92 кг-д Л.Төртогтох нар дагах барилдаан хийх бол эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул, эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор нар урьдчилсан шатны эхний барилдаанаа хийх юм.
ЭРЭГТЭЙ 65 КГ (Дагах тойрог)
Т.Тулга дагах тойрогт Унгарын Роман Ашарин, БНСУ-ын И Сен Чул нарын ялсантай нь барилдана. Тэрбээр энэ тойрогт ялвал хүрлийн төлөө өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Кубын Алехандро Валдестай учраа таарах юм. Энэ жинд аваргын төлөө Энэтхэгийн Бажранг Пуниа, Японы Такүто Отогүро нар барилдахаар болсон билээ.
ЭРЭГТЭЙ 92 КГ (Дагах тойрог)
Л.Төртогтох дагах барилдаанд БНСУ-ын И Жон Кутай хүч үзнэ. Түүнийг ялвал хүрлийн төлөө Японы бөх Мацүмото Ацүшитай барилдах юм.
ЭРЭГТЭЙ 70 КГ (Урьдчилсан шат)
Б.Бямбадорж эхний тойрогт Иракийн Давоод Салмантай барилдахаар болжээ. Түүнийг ялвал Азербайжаны Хаджимурад Гаджиев, ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй, АНУ-ын Жэймс Грин нарын ялсантай нь хүч сорино.
ЭРЭГТЭЙ 97 КГ (Урьдчилсан шат)
Ө.Батзул эхний тойрогт АНУ-ын бөх, Риогийн олимпийн аварга, ДАШТ-ий хошой алтан медальт Кайл Снайдертай учраа таарав. Аваргыг ялвал дараагийн тойрогт Американ Самоа арлын Натаниел Туамохелоатай барилдах юм.
ЭМЭГТЭЙ 55 КГ
Э.Даваачимэг эхний шатанд хийлээд Энэтхэгийн Сеематай таарсан. Түүнийг ялвал шууд шөвгийн 8-д орох аж.
ЭМЭГТЭЙ 59 КГ
Б.Шоовдор хоёрдугаар тойрогт АНУ-ын Женна Буркерттэй барилдана. Манай бөх эхний тойрогт хийлсэн учир америк бүсгүйг ялвал шөвгийн 8-д орно.