Будапешт 2018: ОХУ-ын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Дзамболат Тедеев эрхээ хасуулж магадгүй

948

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) ОХУ-ын эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дзамболат Тедеевийн эрхийг гурван жилээр хасах талаар хэлэлцэж байгааг баталлаа. Энэ сарын 21-нд Унгарын Будапешт хотод болсон бөхийн төрлүүдийн ДАШТ-ий үеэр шүүгчид халдсан учир ийм шийтгэл оноох бололтой.

Эрэгтэйчүүдийн 61 кг-д ОХУ-ын Гаджимурад Рашидов, Кубын бөх Йовлис Боннед ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Энэ барилдааны үеэр Оросын талаас куба бөхийг дэвжээнээс гарсан гэж зарга мэдүүлсэн ч бүтээгүй. Улмаар Д.Тедеев шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, түлхсэн учир улаан хуудсаар торгуульж, ордноос хөөгдсөн юм.



Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Д.Тедеевийн үйлдэлд өөрөөс нь бичгээр тайлбар авсан аж. Харин одоо тус холбооны хяналтын зөвлөл дасгалжуулагч эрийн хариуг сонсоод нэг сараас гурван жил хүртлэх хугацаагаар эрхийг нь хасах эсэхээ шийдэх юм.

Д.Тедеев идэр залуудаа 90 кг-д барилдаж, Европын аварга болж байсан юм. Түүнчлэн 1996 оны Атлантагийн зуны олимпод оролцож байсан билээ. Түүний үеэл нь олимпийн алт, хүрэлтэй, ДАШТ-ий гурван алт, нэг хүрэлтэй, Украины алдарт бөх Эльбрус Тедеев билээ.