Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй “Ташкентийн Гран При” тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Ганбатын Болдбаатар түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Дюсселдорфийн Гран Прид түрүүлснээс хойш анх удаа алтан медаль хүртсэн нь энэ юм.
Г.Болдбаатарын хувьд IJF-ийн цуврал тэмцээнээс найм дахь түрүүгээ хүртэв. Өмнө нь Чиндао, Дюсселдорф (2 удаа), Улаанбаатарын (2 удаа) Гран Прид түрүүлж, Парис, Бакугийн Их Дуулгад аваргалсан удаатай. Тэгвэл зургаа дахь удаагаа зохиогдсон Ташкентийн тэмцээнд анх удаа алтан медаль хүртлээ.
Эрэгтэй 60 кг:
- Г.Болдбаатар (Монгол) – Алт
- Д.Урозбоев (Узбекистан) – Мөнгө
- Юн Вей Ян (Тайвань) – Хүрэл
- Морис Флапки (Герман) – Хүрэл
Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин барилдсан ч хүрлийн төлөө Тайванийн Юн Вей Янд ялагдаад V байр эзэллээ.
Түүнчлэн хүрэл медалийн төлөө барилдсан Довдонгийн Алтансүх Азербайжаны Нижат Шихализадад ялагдаад V байр эзэлсэн юм.
Энэ жинд Даваадоржийн Төмөрхүлэг эргэн ирсэн. Нэг хэсэг иргэншлээ солино гэгдэж байсан ч буцаж ирсэн Д.Төмөрхүлэг эхний шатанд Германы М.Адамыг торгуулиар хожсон юм. Улмаар дараагийн тойрогт барилдах байсан Казахстаны бөх нь жиндээ орж чадалгүй хасагдсан тул манай жүдоч шууд шөвгийн 8-д багтсан. Харамсалтай нь, бэлтгэл тааруу байгаа нь харагдаж байлаа. Хоёр дараалан ялагдаад VII байрт оржээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д Бишрэлтийн Хорлоодой “С” хэсгийг тэргүүлсэн Израилийн Гили Коэнтэй хоёрдугаар тойрогт учраа таарч ялсан боловч Испанийн Ана Перес Бокс, Унгарын Река Пупп нарыг дийлсэнгүй.