ЖҮДО: Б.Мөнгөнчимэг, Н.ДАГВАСҮРЭН НАР АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР БОЛЛОО

1140

Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй жүдо бөхийн Гран При тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63, -70 кг, эрэгтэй 73, 81 кг-д өрсөлдөж байна.

Энэ өдөр манай дөрвөн жүдоч дэвжээнд гарсан юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Балдоржийн Мөнгөнчимэг, Болдын Ганхайч, эрэгтэйчүүдийн 73-т залуу жүдоч Сономдагвын Чинзориг, 81 кг-д Нямсүрэнгийн Дагвасүрэн нар барилдав.

С.Чинзоригийн хувьд эхний тойрогт Швейцарийн Ниамм Маттад ялагдаад тэмцээнээ өндөрлөсөн. Харин Б.Ганхайч эхний тойрогт Румын, АНУ-ын бөхийг дараалан ялсан ч хэсгийн аваргын төлөө Словакийн Андреа Лескид, дараа нь Австрийн Катрин Унтервуачерт тус тус ялагдаад тэмцээнээ өндөрлөсөн.

Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн эхний тойрогт хийлээд Испанийн Хосе Мариа Мендиола Изкуитаг, дараа нь Монтенегрогийн Срдян Мрвалшевичийг, хэсгийн аваргын төлөө Австрийн Шамил Борчашвилиг ялаад хагас шигшээд Кыргызийн Владимир Золоевыг ялснаар финалд шалгарсан. Аваргын төлөө Казахстаны Дидар Хамзатай барилдах юм.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Балдоржийн Мөнгөнчимэг эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Германы Надья Базински, Австрийн Катрин Унтервуачерийг цэвэр ялаад хагас шигшээд энэ тэмцээнд жиндээ чансаагаар тэргүүлж байсан Словакийн Андреа Лескиг ялснаар Италийн Мария Сентраччиотой алтын төлөө хүч үзэхээр боллоо.