“Бухарест 2018” бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-ээс манай улсаас анхны медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-д Цогт-Очирын Намуунцэцэг хүртлээ. “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальтай Ц.Намуунцэцэг эхний тойрогт БНХАУ-ын бөх Ли Юан Шуаныг 8:7-гоор, шөвгийн 8-д АНУ-ын Коди Мэй Пфауг 15:4-өөр илүүрхээд хагас шигшээд ОХУ-ын Надежда Соколовад 6:8-аар дийлдсэн юм.
Улмаар хүрэл медалийн төлөө манай тамирчин Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр ялж, энэ удаагийн ДАШТ-ий анхны медалийг хүртлээ.
23 хүртэлх насны ДАШТ өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан. Тус тэмцээнээс А.Батцэцэг мөнгө, Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Харин Ц.Намуунцэцэг Монголын багийн дөрөв дэх медаль, гурав дахь хүрлийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн 68 кг жинд Мөнхбатын Хишигмаа хүрэл медалийн төлөө барилдсан ч харамсалтай нь АНУ-ын бөхөд 5:7-гоор ялагдаад шагналт V байр эзлэв.
“Арслан” клубийн тамирчин М.Хишигмаа эхний шатанд эзэн орны бөх Ана Симона Буйбарыг 10:0, Унгарын Николетта Смолкаг цэвэр ялсан ч хагас шигшээд Японы бөх Мива Морикавад 0:2-оор хожигдсон. Ингээд хүрлийн төлөө АНУ-ын бөх Александра Жунис Глаудетийг 5:2-оор ялж яваад сүүлийн мөчид 4 оноо алдаад ялагджээ.