Шинэ дели 2018: М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

1033

Энэтхэгийн Шинэ Дели хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ болж буй. Өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх зарим жингийн боксчид тодорлоо. Манай улсаас М.Нандинцэцэг Хорватын Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

Эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай шигшээ багаас 7 хүн өрсөлдсөн билээ. Тэгвэл дөрвөн өдрийн дараагаар манай тамирчдаас 54 кг жинд өрсөлдсөн М.Нандинцэцэг, 75 кг-д хүч сорьсон Мөнхбатын Мягмаржаргал нар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Өчигдөр “Б” рингэн дээр тулалдсан М.Нандинцэцэг Хорватын боксчин Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө тоолуулж, техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө 35 настай ахмад боксчин Марокко улсын иргэн, Зохра Эз-Захроутай тулалдахаар боллоо.

Зохра Эз-Захроугийн хувьд өмнө нь олимпийн эрх олгох Африкийн тэмцээнд түрүүлж, Риогийн олимпод оролцсон. 2014, 2016 оны ДАШТ-д хүч сорьсон туршлагатай.


Н.Фонтин

Эмэгтэйчүүдийн 75 кг-д өрсөлдөж буй М.Мягмаржаргалын хувьд эхний шатанд учраа таарсан Аргентинийн боксчин Яасмин Марсог 3:2-оор буулган авчээ. Тэрбээр өнөөдөр энэ жинд чансаагаар тэргүүлж буй Нидерландын Ноучка Фонтинтэй өрсөлдөнө. Энэ тамирчин олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй, Европын наадмын аварга, Европын АШТ-ий алт, мөнгөн медальтай юм.


Тэмцээний эхний өдөр 57 кг-д тулалдсан Т.Болортуул Нидерландын Жемима Бетрианд ялагдсан бол хоёр дахь өдөр 69 кг-д өрсөлдсөн Э.Эрдэнэтуяа Казахстаны Акерке Бахытжанд дийлдсэн юм.

Харин тэмцээний гурав дахь өдөр 51 кг-д өрсөлдсөн Л.Алтанцэцэг Бразилын Есүс де Соусаг бараагүй. Дөрөв дэх өдөр О.Жаргалан Румыний Стелута Дутад ялагджээ. Харин 60 кг-д хүч сорьсон М.Намуун эхний тойрогт Балбын боксчин Пунам Равалыг ялсан ч дараагийн даваанд Тайландын Судапорн Сийсондед хожигдсон аж.