“Осака 2018” жүдо бөхийн Их Дуулга тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Мөнхбатын Уранцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч сорьсон Пэрэнлэйдоржийн Басхүү хүрэл медаль хүртлээ.
Энэ оны хамгийн сүүлийн Их Дуулга тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг жинд аваргуудаа тодруулсан юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-д аваргын төлөө М.Уранцэцэг, Японы Фүна Тонакитай өрсөлдөв.
М.Уранцэцэг эхний шатанд Бүх Японы аварга, 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Цүкаса Ёшидагийн төрсөн дүү, 17 настай Сана Ёшидаг, дараа нь Португалын Мариа Сидерот нарыг ялж хэсгийн аварга болсон юм. Улмаар хагас шигшээд БНСУ-ын Юү Жеон Каныг ялж, мөнгөн медалийн болзол биелүүлсэн. Харин аваргын төлөө Японы Фүна Тонакид ялагдаад Их Дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
Манай гавьяат Их Дуулгаас нийт таван алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар буюу нийт медалийнхаа тоогоор бүх жүдочдыг тэргүүлж эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч сорьсон Ё.Басхүү эхний даваанд АНУ-ын Коул Чандлерийг, дараа нь Казахстаны Елдос Жумакановыг, гуравдугаар тойрогт Кыргызийн Алмаз Алтыбекийг, улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны Ерлан Серикжановыг тус бүр ялсан юм. Хагас шигшээд дэлхийн аварга Хифүми Абэд ялагдсан ч энэ тэмцээнд манай тамирчин Ганболдын Хэрлэнг ялсан ОХУ-ын Ислам Хаметовыг ялснаар Их Дуулга тэмцээнээс анхны медалиа хүртлээ. Энэ жил 25 настай П.Басхүү өмнө нь IJF-ийн цувралаас алт, хүрэл медаль хүртэж байсан юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Баяраагийн Амартүвшин эхний тойрогт хийлээд Японы Юүма Ошимад ялагдсан бол Магсарын Тогтохбаяр БНХАУ-ын Ри Ле Сюг ялаад Казахстаны Елдос Сметовд хожигджээ. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпийн мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам Тайванийн Гүан Юн Линийг, дараа нь Канадын Екатерина Гуикаг тус бүр ялсан ч Японы Аи Шишимэд хожигдсон. Торгуулийн тойрогт БНСУ-ын Пак Да Солд дийлдээд тэмцээнээ өндөрлөв.