Жүдо: Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

1187

Японы Осака хотод болж байгаа энэ оны сүүлийн Их Дуулга тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн аваргууд тодрох юм. Манай улсаас дөрвөн жүдоч татами дээр гарсан билээ.

Эрэгтэйчүүдийн -100 кг-д Лхагвасүрэнгийн Отгонбаатар, Одбаатарын Хангал, +100 кг-д Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр нар хүч сорьсон юм. Залуу жүдоч О.Хангал эхний даваанд олимпийн хорооны нэр дээр барилдаж буй дүрвэгч залуу Пополе Мисенгаг ялж, дараагийн даваанд Эстонийн Григори Минаскин, Украины Данило Хуцоль нарыг ялсан ч дэлхийн аварга, Японы Аарон Волфод дийлдлээ. Улмаар дагах барилдаанд Шведийн Йоаким Дварбид ялагдаад тэмцээнээ өндөрлөв.

Л.Отгонбаатар эхний тойрогт хийлээд хоёрын даваанд Японы Юүсүкэ Күмаширог ялсан ч дараагийн даваанд анх удаа Их Дуулга тэмцээнд оролцож буй 20 настай, Канадын Шэйди Элнахаст ялагджээ.

 

Харин +100 кг-д Н.Түвшинбаяр аварга эхний тойрогт Еквадорын Фрэдди Фигуэроаг, дараа нь Японы Хисаёши Харасаваг тус бүр ялаад Нидерландын Хенк Гролд торгуулиар дийлдсэн. Торгуулийн тойрогт Түвшээ аварга Японы Такеши Ожитаниг торгуулиар ялснаар хүрэл медалийн төлөө мөн л Японы тамирчин Кокоро Кагеүратай барилдахаар боллоо. К.Кагеүра хагас шигшээд олимпийн аварга, Чехийн Лукас Крпалект дийлдсэн юм.

ДАШТ-ий хүрэл медальт, Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт хийлээд Кубын Энди Грандаг нутаг буцаасан ч хэсгийн аваргын төлөө Японы К.Кагеүрад дийлдсэн. Торгуулийн тойрогт Германы Свен Хейнлийг ялснаар хүрлийн төлөө ОХУ-ын Тамерлан Башаевтай хүч үзэх болов.