Бокс: Тулаан тэнцээгээр өндөрлөв

1241

Мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аваргын төлөө АНУ-ын боксчин Деонтай Уайлдер, Их Британийн боксчин Тайсон Фюри нарын тулаан тун сонирхолтой боллоо. Бокс сонирхогчид Т.Фюриг гадарлах биз. Украины алдарт аварга Владимир Кличког ялж, хүнд жинд WBC холбооноос бусад бүх цол хэргэмийн эзэн болж байсан Т.Фюри удалгүй хар тамхи, согтууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, аваргаа хамгаалах тулааныг хийж чадалгүй, бүсээ хураалгасан түүхтэй.

Боксын рингэнээс жил гаруй хол байсны эцэст их спортод эргэн ирж, гурван жилийн дараа эхний тулаанаа хийсэн Т.Фюри хоёр дараалан ялснаар WBC холбооны аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болсон. Түүний өрсөлдөгч Д.Уайлдерийн хувьд намтар түүх нь даруухан эр. Сонирхогчдын боксоор Бээжингийн олимпийн хүрэлтэй америк боксчин мэргэжлийн рингэнд 40 дараалан ялсан ч нэр алдрын хувьд бусад хүнд жингийн алдартнуудаасаа дутуу үнэлэгддэг.

Нэг нь 27 дараалан ялсан, 30 настай англи боксчин. Нөгөөх нь 40 дараалан ялсан, 33 настай америк тулаанч. Тэд хоёул мэргэжлийн боксын рингэнд ялагдаж үзээгүй. Хэн нь ялалтын цувралаа үргэлжлүүлэх вэ? гэдгийг шийдэх том тулаан өнөөдөр болсон юм. Гэхдээ хэн нь ч ялсангүй. 12 ранудын турш тулалдсан тэднийг шүүгчид энэ удаад тэнцсэн гэж үзлээ. Ингэснээр Д.Уайлдер аваргын бүсээ долоо дахь удаагаа хамгаалж үлдэв.

Тулаан тэнцээгээр өндөрлөв

Д.Уайлдер нийт 40 тулааныхаа 39-ийг нь хүнд цохилтоор дуусгаж байсан шийртэй эр. Түүний хүнд цохилтод Т.Фюри хоёр ч удаа өртөж, есдүгээр үе болон төгсгөлийн үед тоолуулсан ч босч ирсэн. Уг нь тулааны эхэнд Т.Фюри арай илүү тоглолт үзүүлсэн. Энэ хэвээрээ дуусгавал тэр оноогоор ялах тун дөхсөн юм. Гэхдээ Д.Уайлдер бас аварга гэдгээ нотолж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан. “Арванхоёрдугаар үед түүнийг унагачихаад нүд рүү нь харсан юм. Тэгээд тулаан дуусчихлаа гэж бодсон” хэмээн Д.Уайлдер дараа нь сэтгүүлчдэд ярьжээ. Тулааны дараа хоёр боксчин дуу нэгтэйгээр “Фюри-Уайлдер 2” тулаан хийнэ гэдгээ зарлав.