Афганистаны “Бяцхан Месси” хочтой Муртаза Ахмади хоёр жилийн өмнө сошиал ертөнцөд од болж байсан билээ. Тухайн үед таван настай байсан афган хүүгийн гялгар уутаар Л.Мессигийн өмсгөлийг хийж өмссөн зураг олонд тархаж, дараагаар нь Катар улсад Л.Месситэй уулзаад өмсгөлийг нь бэлгэнд авсан билээ.
Харамсалтай нь, одоо түүний гэр бүл аюулд ороод байгаа аж. Олны танил болж, нэртэй хөлбөмбөгчинтэй уулзсан түүх нь талибанчуудад мөнгө болж харагдсан учир тэднийг сүрдүүлж, мөнгө өгөхгүй бол хүүг чинь авна гэж айлгасан байна. Тиймээс гэр бүл нь Газни аймгаасаа зугтаж, нийслэл Кабулд аж төрөх болжээ.
Муртаза Ахмади одоо долоон настай. Түүний дээрх зураг 2016 онд сошиал ертөнцөд од болж, улмаар Катар улсад Л.Месситэй уулзаж байв. Л.Месси Олон улсын хүүхдийн элч учраас хүүд зориулж, өөрийн гарын үсэгтэй өмсгөлийг хайрцагаар нь явуулж байсан бол хожим “Барселона” багийн хамт Дохад нөхөрсөг тоглолт хийх үеэр хүүг урьж байсан юм. Хүүгийн ээж Шафига “Орон нутгийн нэгэн хүн холбогдоод Л.Мессигээс авсан мөнгөө өг, үгүй бол хүүг чинь авна гэж сүрдүүлсэн” хэмээн ярьжээ. Гэрийнхээ ойролцоо буун дуу сонссоныхоо дараа тэд төрсөн нутгаа орхиход хүрсэн аж.
Муртазагийн гэр бүлийн гарал нь Хазара үндэстэн. Хазарачуудыг талибанчууд үздэггүй учир байнгын дарамтанд байдаг гэнэ. Тодруулбал, хүүгийн том ах 17 настай Хумаён сүүлийн хоёр жил сургуульд суралцаагүй бөгөөд аюулгүй байлгах үүднээс хөвгүүдээ гудамжинд тоглохыг нь хориглодог байна.