Филиппиний боксчин Мэнни Пакьяо WBA холбооны аваргын бүсээ хамгаалав.
Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяо 40 насандаа 70 дахь тулаанаа өөрөөсөө 11 насаар дүү Адриэн Бронэртэй тулалдаж, шүүгчийн саналаар ялалт байгуулав. Хэдийгээр насаар ахимаг боловч М.Пакьяо тулааны турш илүүрхэж, нийт 112 цохилт оновчтой болгосон бол А.Бронэр 50-ыг амжилттай гүйцэтгэв.
Эцэст нь шүүгчид санал нэгтэйгээр буюу 117:111, 116:112, 116:112-оор филиппин эрийг ялсан гэж үзлээ.
Мэнни Пакьяо ялалтынхаа дараа Флойд Мэйвэйдерийг тулаанд дууджээ. Энэ тулааныг америк эр үзэгчдийн суудлаас үзэж сонирхсон аж. Гэхдээ Флойд түүний хүсэлтэд ямар нэг албан ёсны хариулт өгөхөөс татгалзсан. Тулааны дараа хөтлөгч Жим Грэй Флойдийг рингэн дээр урьсан ч цаадахь нь татгалзсан хариулт өгчээ.
Мэнни Пакьяогийн хувьд мэргэжлийн бокст 70 дахь тулаанаа хийж, 61 дэх ялалтаа байгуулав. Дасгалжуулагч Фредди Роачтой эргэн нэгдсэн М.Пакьяо сүүлийн хоёр жил АНУ-д тулалдаагүй байсан юм.