Теннис: Мария Шарапова эргэн ирлээ

1241

ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова гэмтлийн улмаас сүүлийн таван сар талбайд гараагүй. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард баруун мөрөндөө хагалгаа хийлгэсэн тул их спортдоо эргэн ирэх эсэх нь эргэлзээтэй байсан юм.

Испанийн Мальорка аралд болдог зүлгэн талбайн тэмцээний эхний өдөр ОХУ-ын теннисчин Мария Шарапова, нутаг нэгт Виктория Кузмоватай учраа таарч, 7:6, 6:0-ээр буулган авлаа.

Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан М.Шарапова одоо чансааны 85-д бичигдэж буй. Тэрбээр 2015 оны Уимбилдон Их Дуулгад хагас шигшээд шалгарснаас хойш зүлгэн талбайд өрсөлдөгчөө ялж чадаагүй байсан аж.

М.Шараповаг мөрний гэмтэл нь их удаан зовоосон. Энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мөр маань өвдөөд 10 жил болсон. Өмнө нь энэ бүхнийг тэсч гардаг байсан ч өнгөрсөн нэгдүгээр сард хагалгаанд орохгүй бол хожимдох нь гэдгийг ойлгосон” гэж ярьж байв.