Английн хөлбөмбөгийн “Арсенал” болон “Челси” клубийн хаалгач асан Петр Чех ногоон зүлэгээ мөсөн талбайгаар солив. Тэрбээр Английн хоккейн дөрөвдүгээр дивизионы “Гилфорд Финикс” багт данстай болжээ.
Нэрт хөлбөмбөгчин Петр Чехийн өөр нэгэн хобби бол хоккей. Өдгөө 37 настай чех эр өнгөрсөн зун 20 жил зүтгэсэн мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа өндөрлөж, одоогоор “Челси” клубийн арын албанд зүтгэж буй. Тэгвэл энэ ажлынхаа хажуугаар “Гилфорд Финикс” багийн хаалгачаар талбайд гарах аж. Гилфорд хотын хагас мэргэжлийн хоккейн баг болох “Финикс” нь 2017 онд байгуулагдсан. Английн үндэсний хоккейн дөрөвдүгээр дивизионд хүч үздэг юм. П.Чех шинэ багтаа “39” дугаар эзэмших болжээ.
П.Чех шинэ багтаа байнга тоглохгүй. “Челси” клубээс даалгасан ажлаа үргэлжлүүлэх бөгөөд хуваарийн дагуу зарим тоглолтод оролцохоор төлөвлөж байгаа юм.
Хоккей сонирхогчид түүний тоглолтыг удаан хүлээхгүй гэнэ. Тодруулбал, ирэх ням гаригт буюу энэ сарын 13-нд “Свиндон Уайлдкатс” багийг хүлээн авах тоглолтод шинэ хаалгач нь оролцох бололтой.
П.Чех шинэ багийнхаа гуравдугаар хаалгач болно. Тэрбээр хүүхэд ахуй цагаасаа хойш хоккей сонирхох болсон. Анх “Челси”-д ирээд Английн хоккейн дээд лигийн “Гилфорд Фламес” багийг дэмжих болжээ.