Жүдо: Л.Сосорбарам залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

1797

Марокко улсын Марракеш хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж буй. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам түрүүлж, Монголын жүдочдын түүхэнд хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны алтан медалийг авлаа.

81 орны 517 жүдоч (294 эрэгтэй, 223 эмэгтэй) цугларсан

Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д нийт 81 орны 517 жүдоч (294 эрэгтэй, 223 эмэгтэй) оролцож байгаа билээ. Манай улсаас 15 жүдоч (7 эрэгтэй, 8 эмэгтэй) хүч сорьж буй юм.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэй 48, 52 кг жин явагдсан. Эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам эхний даваанд Германы Анника Вурфелийг, хоёрдугаар тойрогт Узбекистаны Сита Кадамбоеваг, хэсгийн аваргын төлөө Нидерландын Наоми ван Кревелийг ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Бразилын Ларисса Пиментаг нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулгаж авсан юм.

Тайванийн бөх Сү Лин Сүан

Аваргын төлөө Тайванийн жүдоч Сү Лин Сүаныг иппоноор илүүрхэж, алтан медалийн эзэн боллоо.

Ийнхүү Л.Сосорбарам залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болов. Түүнээс өмнө 2014 онд Ө.Дүүрэнбаяр үеийн тамирчдаа манлайлсан түүхтэй. Монголын жүдочдоос 2008 оноос хойш жил бүр залуучуудын ДАШТ-ээс ямар нэгэн медаль хүртсэн. Харамсалтай нь, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медальгүй ирсэн гашуун түүх бий.

Манай жүдочид нийт залуучуудын ДАШТ-ээс нийт 17 медаль хүртжээ.

АЛТ (2)

Ө.Дүүрэнбаяр (+100 кг, 2014*)

Л.Сосорбарам (эмэгтэй -52 кг, 2019)

МӨНГӨ (7)

Д.Төмөрхүлэг (60 кг, 2008, 2009*)

Н.Цэнд-Аюуш (эмэгтэй -70 кг, 2011)

Ө.Дүүрэнбаяр (+100 кг, 2013)

Ц.Цогтбаатар (60 кг, 2014, 2015*)

Л.Энхрийлэн (эмэгтэй 57 кг, 2017)

ХҮРЭЛ (8)

Б.Тэмүүлэн (+100 кг, 2008)

Б.Мөнгөнчимэг (эмэгтэй -63 кг, 2013)

Б.Амартүвшин (55 кг, 2014, 2015*)

Б.Ганбаатар (55 кг, 2014)

Г.Наранцэцэг (44 кг, 2015)

Л.Өнөболд (55 кг, 2017)

Ж.Амарболд (60 кг, 2017)