Энэ оны эхний Их Дуулга тэмцээн Францын Парист нээлтээ хийлээ. Нийт 115 улсын эрэгтэй 405, эмэгтэй 275 жүдоч энэ удаагийн тэмцээнд хүч сорихоор бүртгүүлжээ.
Эрэгтэй 60 кг:
- Риюү Нагаяма (Япон)
- Яго Абудалзе (ОХУ)
- Елдос Сметов (Казахстан)
- Дашдаваагийн Амартүвшин (Монгол)
Дашдаваагийн Амартүвшин Их Дуулгаас 8, нийт 34 дэх медалиа зүүлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Казахстаны Елдос Сметовт дийлдсэн ч испани, турк бөхчүүдийг “гомдоогоод” медалийн тавцанд гарсан юм.
Лхагважамцын Өнөболд эхний тойрогт хийлээд Азербайжаны Ахмед Юсифовыг ялсан ч дараагийн даваанд Казахстаны Гусман Кыргызбаевт ялагдав.
Эрэгтэй 66 кг:
- Ан Баул (БНСУ)
- Лин Ван Ким (БНСУ)
- Георгий Зантарья (Украин)
- Ёндонпэрэнлэйгийн Басхүү (Монгол)
Энэ жинд манай улсаас Г.Хэрлэн, Ё.Басхүү нар өрсөлдсөн юм. Г.Хэрлэн эхний даваанд хийлээд Аргентинийн Тал Алмогийг ялсан ч дараагийн тойрогт Азербайжаны Ибрахим Альевт дийлдсэн.
Харин Ё.Басхүү хэсэгтээ дөрөв ялаад хагас шигшээд олимпын мөнгөн медальт БНСУ-ын Ан Баулд хожигдов. Улмаар хүрлийн төлөө Израилийн Бруш Шмайловыг ялсан юм.
Эрэгтэй 73 кг:
- Соичи Хашимото (Япон)
- Жансай Смагулов (Казахстан)
- Химаттило Тулаев (Узбекистан)
- Цэнд-Очирын Цогтбаатар (Монгол)
Энэ жинд 76 жүдоч өрсөлдсөн. Манай улсаас Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар зодоглов. Г.Одбаяр энэ тэмцээнд түрүүлсэн С.Хашимотод ялагдсан бол Ц.Цогтбаатар хэсгийн аварга болсон ч Жансай Смагуловт ялагдсан юм. Улмаар хүрлийн төлөө Японы Масаши Эбинүмаг ялснаар Их Дуулгаас медаль хүртлээ.