“Формула 1” авто уралдааны ээлжит гараа ирэх дөрөвдүгээр сарын 19-нд БНХАУ-д болох байв. Гэвч аюулт вирусын улмаас уг тэмцээн цуцлагдлаа.
БНХАУ-ын Шанхайд зохион байгуулагдахаар төлөвлөж байсан “Формула 1”-ийн Хятадын Гранприг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа.
Зохион байгуулагчид ойрын хугацаанд хэзээ зохион байгуулах боломжтойг хэлэлцэх аж.
Шинэ корона вирусын тархалт хэдийнэ 40 мянган хүний тоог давж, нас барсан хүний тоо 1016-д хүрээд байгаа билээ. Энэ сарын эхэнд Шанхай хотод болох бүх спортын арга хэмжээг түр цуцлахаар хотын эрх баригчид шийдвэрлэсэн юм.
БНХАУ-д ойрын хугацаанд болох томоохон тэмцээнүүд хэдийнэ цуцлагдсан. Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 13-15-нд болохоор төлөвлөж байсан хөнгөн атлетикийн танхимын ДАШТ, Формула Е уралдаан ч бас цуцлагдсан билээ.