Армандо Дуплантис дахин дээд амжилт тогтоолоо

1725

Америк эцэг, швед ээжтэй Армандо Дуплантис тулгууртай харайлтын танхимын дэлхийн рекордыг дахин шинэчиллээ. Ердөө долоо хоногийн өмнө Европын танхимын АШТ-д гурав дахь оролдлогоороо 6.17 метрийг давж, дээд амжилтын эзэн болсон билээ.

Тэгвэл Шотландын Гласгов хотод болсон хөнгөн атлетикийн танхимын Гранпри тэмцээнд эхний оролдлогоороо 6.18 метр харайж, өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчлэв.

Тэрбээр ийнхүү долоо хоногийн хугацаанд хоёр дээд амжилт тогтоосон юм. Дэлхийн дээд амжилт шинэчилвэл 30 мянган ам.доллароор урамшуулдаг журамтай.

Өдгөө 20 настай А.Дуплантис АНУ-ын Луизана мужид төрсөн ч эхийнхээ төрөлх нутаг Шведийн иргэншилтэй болсон юм. Түүний эцэг нь бас тулгууртай харайгч бөгөөд хувийн дээд амжилт нь 5.80 метр. Харин эх нь хөнгөн атлетикийн хептатон төрөл болон волейболоор хичээллэж байв. Хоёр дүү нь ч бас их спортын хүмүүс бөгөөд нэг Андреас нь тулгууртай харайлтаар, Антони нь бэйсболоор хичээллэдэг аж.

Армандогийн хувьд гурван настайгаасаа тулгууртай харайлтаар хичээллэх болсон юм. Тэр зөвхөн насанд хүрэгчдийн дээд амжилт эзэмшээд зогсохгүй 7-12 хүртэлх насны бүх өсвөрийн рекордыг эзэмшдэг. 18 нас хүрэхдээ л хэдийнэ 6 метрийг давдаг болчихсон байлаа.

Хоёр жилийн өмнө залуучуудын ДАШТ-д түрүүлж, тивийнхээ аваргад түрүүлсэн Армандо өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.