ОУОХ-ны гишүүн Дик Паундын ярилцлага олны анхаарлыг татав.
ОУОХ-ны ахмад гишүүн, Канадын хуульч Дик Паунд “USA Today”-д өгсөн ярилцлагадаа корона вирусын улмаас “Токио 2020”-ыг нэг жилээр хойшлуулахаар төлөвлөж байгаа гэж ярьжээ.
Дэлхий даяар цар тахал тархсан энэ үеэр олимпыг хойшлуулах хүсэлт тавьсан. Тодруулбал, Канад, Австралийн олимпын хороо “Токио 2020”-ыг хойшлуулахгүй бол тамирчдаа энэ зун Япон руу явуулахгүй гэж мэдэгдэл хийсэн юм. Тэдний энэ санааг Их Британийн олимпын хороо дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ.
ОУОХ-ноос олимптой холбоотой эцсийн шийдвэрээ ирэх дөрвөн долоо хоногт танилцуулна гэж зарласан ч Д.Паундын бодлоор ойрын хугацаанд зарлана гэж үзэж байгаа аж.
“Одоогоор тодорхойгүй байгаа ч олимпын наадам долдугаар сарын 24-нд эхлэхгүй байх магадлал өндөр” гэж Д.Паунд онцолжээ.
Канад, Австралийн араас Их Британи
Канад болон Австралийн олимпын хорооноос “Токио 2020”-оос татгалзаж, олимпыг хойшлуулах санал тавьсан. Энэ шийдвэрийг Их Британи дэмжиж байгаа гэж тус улсын олимпын хорооны тэргүүн Хью Робертсон мэдэгдэв. Энэ хугацаанд тамирчдаа олимпод бэлдэж амжина гэдэгт тэр эргэлзэж байгаагаа илэрхийлээд мөн цаг хугацааны хувьд ч одоо олимп зохион байгуулах цаг биш гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Лорд Себастьян Ко ч мөн ийм бодолтой байгаагаа илэрхийлсэн билээ. Тэрбээр ОУОХ-ны тэргүүн Томас Бахт захидал явуулж, зуны олимпыг хойшлуулах хүсэлт тавьсан. Тэрбээр ингэж үзэх болсон гурван шалтгааныг дурдсан юм. Эхнийх нь шударга өрсөлдөөн, тамирчдын гэмтэх эрсдэл, эцэст нь тамирчдын сэтгэл санааны байдал тогтворгүй байгааг онцолсон аж.
Дик Паунд гэж хэн бэ?
Канадын иргэн, усанд сэлэгч, хуульч мэргэжилтэй Ричард Уильям Данкан Паунд бол нэгэн цагт “Time” сэтгүүлээс зарласан “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий тоонд орж явсан эрхэм. Олон улсын допингийн эсрэг агентлагийн анхны тэргүүнээр ажиллаж, ОУОХ-ны дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан туршлагатай.
Өдгөө 77 настай Д.Паунд 1968 оноос Канадын олимпын хороонд зүтгэж, 1977-1982 оны хооронд тэргүүнээр нь ажиллаж байв.
Тэрбээр 1978 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр ажиллаж байна. Тус хороонд хамгийн олон жил ажиллаж буй ахмад гишүүн төдийгүй Удирдах зөвлөлд 16 жил алба хашсан. 1987-1991 онд дэд Ерөнхийлөгчөөр ажилласан бол 1996-2000 онд дахин сонгогдсон билээ.