Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы Такасаки хотноо боллоо. Уг тэмцээнд Япон, БНХАУ, Монгол, АНУ, Румын, Беларусь, Канад, Шведийн баг оролцсон юм.
Энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жилээс ялгарах зүйл байсангүй. Япончууд дөрөв дараалсан түрүү авч, нийтдээ 9 удаа аваргалсан амжилтаар тэргүүлж буй бол БНХАУ-ын баг өнгөрсөн жилийн амжилтаа давтаж, мөнгөн медалийн болзол хангалаа. Харин Монголын шигшээ баг гурван жил дараалан хүрэл медаль зүүсэн бол АНУ-ын баг ч мөн адил гурван жил дараалан дөрөвдүгээр байрт оржээ.
Сонирхуулахад, энэ тэмцээн 2001 оноос хойш зохион байгуулагдахад өдийг хүртэл ердөө гурван аварга л төржээ. Тодруулбал, Японы баг 9 удаа түрүүлсэн бол БНХАУ-ын баг 6-д нь өнгөлж, 2003 онд Токиод болсон Их дуулгад АНУ-ын бүсгүйчүүд тодорч байв. Наран улсын нядханчууд тэмцээний түүхэнд медалиас мултарч байгаагүй. Тэд 9 түрүү дээрээ хошой мөнгө, 5 хүрэл медальтай аж. Харин Монголын эмэгтэй тамирчид 2009 оноос уг тэмцээнд хүч сорих эрхээ авч, анхны тэмцээндээ шагналт VII байрт орсон бол дараа жил нь VI, 2011 онд V байр эзэлж, амжилтаа ахиулсан түүхтэй. Харин 2013 онд Улаанбаатар хотноо болсон Дэлхийн цомд мөнгөн медаль хүртсэн нь хамгийн оргил амжилт нь юм.
Сүүлийн өдрийн үр дүн:
Алт: Япон 6 – 4 БНХАУ
Хүрэл: Монгол 6 – 4 АНУ
V байр – Канад 5:5 Беларусь (Нийлбэр оноогоор Канад ялсан)
VII байр – Румын 5:5 Швед (Нийлбэр оноогоор Румын ялсан)