Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Цэдэнбазарын Одбаяр цэргийн арслан, шинээр начин болсон Т.Дүгэрдоржийг давснаар цолоо ахиулсан. Ц.Одбаяр начин 2011 онд улсын начин болсноос хойш есөн жилийн дараа харцага болсон юм. Зааны даваанд Н.Батсуурь аваргад өвдөг шороодсон юм.
Түүнчлэн шинээр начин цолны босго алхсан Баянхонгорын аймгийн арслан Батсуурийн Бат-Орших залуу начин Б.Орхонбаяраар, аймгийн арслан Батсүхийн Зоригтбаатар шинээр начин болсон Д.Хүдэрбулгыг давснаар начинг алгасч, харцага болсон юм.
Б.Бат-Орших зааны даваанд улсын арслан П.Бүрэнтөгст унасан бол Б.Зоригтбаатар залуу заан Б.Пүрэвсайхантай тунаж барилдаад уналаа.
Энэ жилийн баяр наадмаар “Бридж” групп долоогийн даваанд тунаж давсан бөхөд “Suzuki Jimny” хэмээх автомашин бэлэглэхээр болсон. Ийнхүү Б.Пүрэвсайхан заан цолоо батлахдаа шинэ төмөр хүлэгтэй болов.
Архангай аймгийн Цэнхэр сумын бөх, улсын харцага Мягмарын Бадарч улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж, улсын заан боллоо.