Бичлэг: Каролина Костнёр богино үзүүлбэрт тэргүүлэв

1482

Италийн Милан хотноо эхэлсэн уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд нутгийн тамирчин Каролина Костнёр 80.27 оноогоор тэргүүлэв. Энэ жил 31 настай Костнёрын араас олимпийн шинэ аварга Алина Загитова, Японы Сатоко Мияхара нар эхний гуравт бичигджээ.

Пёнчаны олимпийн богино үзүүлбэрийн төрөлд дээд амжилт тогтоосон Загитова энэ тэмцээний гол хүн байлаа. Түүний гол өрсөлдөгч Евгэнья Медведева баруун хөлний гэмтлийн улмаас энэ тэмцээнийг өнжих шийдвэр гаргасан учир 15 настай Загитоваг түрүүлэх нь гарцаагүй гэж ярьж буй. Гэхдээ Загитова үзүүлбэрийнхээ үеэр бага зэрэг алдаа гаргасан тул хоёрдугаар байрт оржээ.



К.Костнёрын хувьд олимпийн хүрэл, ДАШТ-ий таван медальтай тамирчин. Гурван настайдаа мөсөн дээр гулгаж эхэлсэн итали бүсгүй 31 хүртлээ дэлхийн томоохон тэмцээн уралдаанд тогтмол дээгүүр өрсөлдөж байгаа нь бахархууштай. Тэрбээр 2012 онд дэлхийн аварга болж байв.



ДАШТ-ий богино үзүүлбэрийн үр дүн:

1. Каролина Костнёр (Итали) – 80.27 оноо

2. Алина Загитова (ОХУ) – 79.51

3. Сатоко Мияхара (Япон) – 74.36

4. Кэйтлин Осмонд (Канад) – 72.73

5. Мариа Соцкова (ОХУ) – 71.80

6. Габрьел Дэйлмэн (Канад) – 71.61

7. Брэди Теннелл (АНУ) – 68.76

8. Вакаба Хигүчи (Япон) – 65.89