АНУ-ын LFA холимог тулааны холбоонд харьяалалтай “Монгол шонхор” хочит Дагвадоржийн Батсүмбэрэлийн тулааны тов тодорлоо. Холимог тулааны ертөнцөд зургаан удаа дараалан ялаад буй Д.Батсүмбэрэл ирэх сарын 4-нд тулалдах юм.
LFA 96 тулаан арванхоёрдугаар сарын 4-нд АНУ-ын Канзас мужид орших Парк Сити хотод болно. Энэ өдөр дунд жингийн аваргын бүсийн төлөө “Монгол шонхор” хочит Д.Батсүмбэрэл, Бразилын Майкон Мендонкатай тулна.
Д.Батсүмбэрэл 2015 оноос хойш холимог тулаанаар хичээллэж буй. Албан ёсоор долоо тулалдаж, зургаад нь ялсан бөгөөд нэг тулааны үр дүнг хүчингүйд тооцсон билээ. Харин түүний өрсөлдөгч М.Мендонка 2013 оноос холимог тулаанаар үзэлцсэн юм. Тэрбээр нийт 14 тулаан хийснээс 10-т нь өрсөлдөгчөө ялсан үзүүлэлттэй. Үүнээс сүүлийн дөрвөн тулаанд дараалан хожсон аж.
Д.Батсүмбэрэл энэ оны гуравдугаар сард Японы тулаанч Такаши Ямашитатай тулалдах тов гарсан ч хөл хорионы дэглэмийн улмаас уг тулаан болоогүй юм.