Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ) Япон улсын Шизиуока мужийн Шимада хотын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.
Уулзалтанд:
Япон талаас:
Хотын орлогч дарга Үшио,
Боловсролын хорооны дарга Хамада,
Боловсролын газрын дарга Накано,
Аж үйлдвэр, аялал жуулчлалын газрын дарга Яагава,
Соёлын нөөц баялгийг ашиглах хэлтсийн дарга Олимпын хэлтсийн дарга Мацүмото,
Олимпын хэлтсийн багийн дарга Сүгияама,
Олимпын хэлтсийг төлөөлж Като,
Олимпын хэлтсийн мэргэжилтэн Үэхара, Б.Бадмаа нар оролцлоо.
Монгол талаас:
БТСУХ-ноос дэд дарга Ц.Одонбаяр,
БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат,
БТСУХ-ны ГХМТХ-ийн гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Л.Онон болон Монголын олимпын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар оролцлоо.
Монголын боксчид Шимадад бэлтгэлжинэ
Уулзалтаар 2021 онд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчдын “Токио-2020” олимпын наадмын өмнөх бэлтгэлийг Шимада хотод зохион байгуулах талаар санал солилцлоо.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Японы засгийн газраас тогтоосон Коронавирусээс хамгаалах журмыг баримтлан хатуу чанга дэглэмийн дор бэлтгэл сургуулилт зохион байгуулагдана.
БТСУХ нь Японы улсын Шимада хоттой 2016 оноос хойш хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын баг тамирчдын олимпын өмнөх бэлтгэлийг жил бүр амжилттай зохион байгуулж, мөн шаардлагатай хувцас хэрэглэлээр хангадаг.
Түүнчлэн Япон улсад Монгол орны ёс заншлыг түгээн дэлгэрүүлэн соёлын ажлуудыг тогтмол зохион байгуулдаг юм. Цаашид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх тухай ирэх есдүгээр сард Шимада хотын удирдлагуудтай дахин хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Нэмэлт мэдээлэл
Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн хурал болж, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ны гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Т.Мөнхбаяр нь 2013-2016 оны хооронд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай бөгөөд МБХ-ны 14 дэх ЕРӨНХИЙЛӨГЧ болжээ.
Монголын боксын холбоо – 2021.01.28
Эх сурвалж: БТСУХ (sport.gov.mn)