Их Дуулгын 20 түрүүтэй Рафаэль Надалийн авга ах бас дасгалжуулагчаар нь ажиллаж байсан Тони Надаль Канадын залуу теннисчин Феликс Оже-Альяссимын багт оржээ.
“Авга Тони” нэрээрээ талбайн теннис сонирхогчдын дунд танил болсон Тони Надаль Канадын залуу теннисчин Феликс Оже-Альяссимын дасгалжуулагчийн багт оржээ. Ингэснээр ирэх долоо хоногт болох “Монте Карло Мастерс” тэмцээнд шинэ шавиа дасгалжуулах юм.
Өдгөө 60 настай Т.Надаль авга дүү Рафаэль Надалийг хүүхэд ахуй цагаас нь теннис зааж 2017 он хүртэл дасгалжуулагчийн багт нь ажилласан юм. Тэрбээр өмнө нь дүүгээсээ өөр хүнтэй хамтарч байгаагүй гэнэ.
Дэлхийн чансааны 22-т бичигдэж буй Феликс одоогийн дасгалжуулагч Фредерик Фонтантай гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллах юм.
Феликс өнгөрсөн жилийн сүүлээр дасгалжуулагчийн багтаа хүч нэмэхээр шийдсэн аж. Ингээд Тонигийн академи дээр очиж 10 хоног хамтарсан бэлтгэл хийгээд цаашид хамтрахаар болжээ.