Александер Ракич ууртай байна

1886

Өнгөрсөн бямба гараг хүртэл Александер Ракич хагас хүнд жингийн бүсний төлөө тулалдах хамгийн боломжтой тулаанчаар нэрлэгдэж, Ян Блахович,Гловер Тейшара нарын хэн ялсантай нь тулалдах байв. Гэтэл төдий л олны анхааралд орж амжаагүй залуу хагас хүнд жингийн шилдэг тулаанч Доминик Рейесийг II үед унагааж чансаагаараа А.Ракичийн дээр бичигдэх болсон юм. Энэ нь өөрийн боломжоо хүлээж байсан А.Ракичийн дургүйцлийг хүргэв.

Ири Прочазка гайхалтай тулалдаж Доминикийг ялсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ тулаан намайг нойрноос сэрээсэн мэт л боллоо. Би одооноос бэлтгэлийн танхим руу илүү хурцлагдаж явах болно. Гловер Тейшара ирэх есдүгээр сард Ян Блаховичтэй тулалдана. Тийм болохоор Прочазка хэний эсрэг тулалдах ёстой болж байгааг та нар хэлээд өгөөч. Тэрэнд өөр сонголт байхгүй. Тэр эсвэл би гэсэн тулаан болох болно. Бүгд миний Энтони Смит, Тиагу Сантостой хийсэн тулааныг уйтгартай гэж шүүмжилсэн. Гэхдээ тэд тулаанд хэр их ухаан зарцуулж, ямар төлөвлөгөө боловсруулдаг талаар мэдэхгүй шүү дээ. Холимог тулаанд ялалт бүр үнэ цэнэтэй. Би жиндээ хэнийг ч нам цохиж чадна. Манай багийнхан Прочазкаг маш сайн судалж байгаа. Тэр урагшаа үргэлж давшиж, санаачлагыг гартаа авч тулалддаг. Тэгэх үедээ ч олон алдаа гаргаж байгаа нь харагдсан. Түүнтэй гурав магадгүй таван үе тулалдсан надад хамаагүй. Тэр нэг алдаа гаргахад түүнийг нь ашиглана. Магадгүй хэвтээгээс тулалдаж болох юм. Түүний барилдааны ур чадвар тийм ч сайн биш гэдгийг бүгд л харсан шүү дээ.

А.Ракич “ММАjunie”-д өгсөн ярилцлагадаа

Австрийн Вена хотод төрсөн “Пуужин” хочтой А.Ракич нь кикбоксоор 2005-2011 хүртэл тулалдаж 40 гаруй удаа ялсан. Серб гаралтай А.Ракич 2011 оноос холимог тулааны ертөнцөд орсноос хойш 14 ялж хоёр хожигдсон үзүүлэлтээр хагас хүнд жинд чансааны эхний тавд багтаж байгаа юм. Серб эр Швецарийн Волкан Өздэмирт гэмтлээс болж харамсалтайгаар ялагдсан билээ. Харин түүнээс хойш хагас хүнд жингийн шилдгүүдэд тооцогдох Энтони Смит, Тиагу Сантосыг ялаад бүсийн төлөө тулаан хийх өндөр магадлалтай тамирчнаар тооцогдож байв.