Шинэхэн дэлхийн аваргууд

2159

Жүдо бөхийн ДАШТ Унгарын Будапешт хотод гурав дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -57 кг болон эрэгтэйчүүдийн -73 кг жингийн барилдаанууд явагдсан юм.

Энэ өдөр манай улсаас ОУХМ Ц.Цогтбаатар болон МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар дэвжээнд гарав.

Ц.Цогтбаатарын тухай энд дарж үзнэ үү.

Д.Сумъяа “A” хэсэгт багтаж эхний тойрогт өөрийн мөнхийн өрсөлдөгч Өмнөд Солонгосын Ким Жан Дитай таараад байсан юм. Тэд өмнө нь 13 удаа тааран барилдаж Жан Ди долоод нь ялсан билээ. Даваа, унаагаа тэнцүүлэх боломжийг Д.Сумъяа ашиглаж чадалгүй, вазари үнэлгээгээр ялагдаж Будапештын дэвжээг орхив.

Энэ жинд Канадын Жессика Климкайт түрүүллээ. Алтан шаргал медалиар энгэрээ гоёж чадсан тэрбээр “Олимпын наадамд би улсаа төлөөлөх ёстой шүү” гэдгээ зарлаж буй гэмээр гайхалтай барилдааныг толилууллаа. Харин Канадын нэр дээр барилддаг япон бүсгүй Криста Дэгүчи медальгүй хоцорсон нь Токиог зорих мөрөөдлийг нь үгүй хийлээ.  

Эрэгтэйчүүдийн 73 кг-д онцлох хүн нь Лаша Шавдатуашвили байлаа. 20-хон насандаа олимпийн аварга болж байсан гүрж залуу түүнээс есөн жилийн дараа ДАШТ-ий магнайд заларлаа. Өмнө нь дэлхийгээс медаль хүртэж чадалгүй өдийг хүрсэн тэрбээр энэ удаад дутуугаа гүйцээж, жүдо хэмээх спортын гайхалтай, ганган нэгэн түүхийг бичиж энэ цагаас хойш олимп дэлхийн аварга Лаша Шавдатуашвили хэмээн дуудуулахаар боллоо.

БайрЭм -57 кгЭр -73 кг
1Жессика Климкайт /Канад/Лаша Шавдатуашвили /Гүрж/
2Момо Тамаоки /Япон/Маттиас Томми /Швед/
3Тереза Столл /Герман/Соичи Хашимото /Япон/
3Нора Гжакова /Косово/Билал Чилоглу /Турк/
Энэ өдрийн медальтнууд