UFC 227 тулаанд Деметриос Жонсонгийн зургаан жил шахам ноёрхлыг зогсоож, түүнээс аваргын бүсийг нь булаан авсан хүн бол Хэнри Сехудо. Холимог тулаанаар аваргын бүс эзэмшихээсээ өмнө Хэнри чөлөөт бөхөөр хичээллэж, Бээжингийн олимпийн 55 кг-д түрүүлж байв. Тэрбээр 21 насандаа олимпийн аварга болсноор хамгийн залуудаа ийм амжилтад хүрсэн америк бөх болсон түүхтэй. Хожим буюу Риогийн олимпод Кайл Снайдер энэ амжилтыг нь эвдсэн юм.
Тэгвэл Хэнри холимог тулаанаар аваргын бүс эзэмших болсноор олимпийн аварга цолтой хүн UFC-гийн бүс эзэмших бослон анхных нь болов.
#AndNew!!!! @HenryCejudo PULLS IT OFF!!!!!
| B2YB @ToyoTires | pic.twitter.com/JmyzZgrIhV— #UFC227 (@ufc) August 5, 2018
Гурван шүүгчийн хоёр нь Х.Сехудог ялсан гэж үзсэн учир Д.Жонсоны 2012 оноос хойш 13 дараалан ялсан, үүнээс аваргын бүсээ 11 дараалан хамгаалж, UFC-гийн рекорд тогтоосон үзүүлэлт нь тасрав.
Чөлөөт бөхийн төрөлд олимпийн аварга болсон тамирчид холимог тулаанаар хичээллэж, амжилтад хүрсэн тохиолдол бий. Тодруулбал, 1992 оны олимпийн аварга Кевин Жэксон, 1984 оны олимпийн аварга Марк Шульц нар холимог тулаанаар өрсөлдсөн түүхтэй. Гэхдээ тэдний хэн нь ч аварга болж байгаагүй.
Хэнри Сехудо Мексик цагаачийн гэр бүлд төрж өссөн нэгэн. Тэрбээр Лос Анжелес хотод жирийн нэгэн айлд өссөн. Хожим “Америк ялалт” гэж өөрийнхөө түүхийг өгүүлсэн номоо бичиж байв. Хэнри 2012 онд Лондоны олимпийн эрх авах сорилго тэмцээнд бүтэлгүйтсэн учир их спортоо орхиж, холимог тулаанд хөл тавьжээ.
Өнгөрсөн аравдугаар сард Калифорниа мужид хээрийн түймэр гарч, Хэнри Сехудогийн гэр шатсан бөгөөд энэ үеэр Бээжингийн олимпийн алтан медалиа алдсан түүхтэй. Таван жил холимог тулаанаар хичээллэсэн энэ эр нийт 15 тулаан хийснээс 13-т нь өрсөлдөгчөө ялсан юм.