Олон улсын допингийн эсрэг агентлагаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа.
Олон улсын допингийн эсрэг агентлагийн (WADA) Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, зарим асуудлаар чухал шийдвэр гаргалаа. Тус агентлагийн зарим дүрмийг зөрчсөн оросуудыг дахин дөрвөн жил Олон улсын томоохон тэмцээнд оролцох эрхийг нь хассан юм.
Тодруулбал, “Токио 2020” зуны олимпын наадам, “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-д орос тамирчид төрийнхөө далбаатай оролцох боломжгүй болов. Допингтой нэр холбогдоогүй гэдгээ баталж чадсан орос тамирчид төвийг сахисан тугийн дор буюу Олон улсын олимпын хорооны туг дор дээрх нэр дурдсан томоохон тэмцээнд оролцох боломжтой юм.
Оросууд өмнө нь ч бас допингийн асуудалд нэр холбогдож, эрхээ хасуулж байсан гашуун туршлагатай улс. Өнгөрсөн онд болсон Пёнчаны өвлийн олимпод тус улсын 168 тамирчин төвийг сахисан тугийн дор оролцож байв.
Улмаар 2018 оны есдүгээр сард оросуудын эрхийг сэргээсэн ч энэ оны эхээр Москвад байрладаг допингийн эсрэг төвийн мэдээлэл алдагдсан, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, устгасан байж болзошгүй шинэ баримт гарч ирсэн юм. Энэ талаар хэргийн эзэд тайлбарлаж чадалгүй өдийг хүрсэн учраас WADA зохих шийтгэлийг оноолоо.
Оросууд 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Олимпын аварга, нэрт тэшүүрчин асан, өдгөө ОХУ-ын Төрийн Думын гишүүн Светлана Журовагийн хэвлэлд ярьснаар бол энэ сарын 19-нд ОХУ-ын удирдах албан тушаалтнууд уулзаж, спортын арбитрын шүүхэд хандах эсэхээ шийдэх аж. С.Журова тамирчдын эрх ашгийг хамгаалах үүднээс давж заалдах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.