Дуулиан: “Манчестер Сити”-г буулгаж авсан хакер

1565

“Манчестер Сити” клубыг Аваргуудын лигт оролцох эрхийг нь хоёр жилээр хасч, арга хэмжээ авсны дараа цахим ертөнцөд ‘#freePinto’ гэсэн хаштагтай хөдөлгөөн эрчимжсэн. Энэ бол “Манчестер Сити”-гийн санхүүгийн нууцыг ил болгосон португал эр Руи Пинтог дэмжиж буй хүмүүсийн үйлдэл юм.

2015 онд үл мэдэгдэх хакер “Манчестер Сити” клубын цахим хуудсыг хакердаж, үүнийгээ хэвлэлийнхэнд тараасан хэрэг гарчээ. Хожим сэжигтнийг Португал дахь гэрт нь баривчилсан юм. Гэрээсээ энэ бүхнийг үйлдсэн тэр хүн бол Руи Пинто гэгч.

Одоогоор Р.Пинто 90 гаруй хэрэгт буруутгагдаад нутгийнхаа шоронд дараагийн шүүх хурлаа хүлээгээд сууж буй. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш торны цаана сууж байгаа юм.

Р.Пинто таван жилийн өмнө “Манчестер Сити”-гийн цахим шууданг хакердаад 70 сая материал, 3.4 терабайт мэдээллийг Германы хэвлэлд өгсөн юм. Тэрбээр хожим Германы хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Юу ч тохиолдож болохыг мэдэж байсан. Португалын хуулиар миний хийсэн үйлдэл буруутай болохыг гадарлаж байсан тулл үүнд бэлэн байх ёстой” гэж ярьжээ.