UFC: Жон Жонс согтуугаар машин жолоодсон, галт зэвсэг биедээ авч явсан хэрэгт холбогдов

1208

UFC-гийн аварга Жон Жонс дахиад л хэрэгт холбогдов.

“TMZ Sports” сайтын мэдээлснээр холимог тулаанч Жон Жонс АНУ-ын Нью Мексико мужид согтуугаар жолоо барьсан, галт зэвсэг биедээ авч явсан хэрэгт холбогджээ.

Орон нутгийн цагаар шөнийн 1:00 цагийн орчимд буун дуу гарсан гэх дуудлагын дагуу цагдаа нар шалгахаар очиход 2019 оны “Jeep” загварын автомашин дотор Жон Жонс сууж байсан байна.

Ж.Жонс галт зэвсэг хэрэглэсэн гэдгээ няцаасан боловч хууль сахиулагчид түүнээс шалгалт авч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоожээ.

Дараа нь автомашинд нэгжлэг хийхэд жолоочийн суудлын дороос гар буу, нэг шил текила олсон аж.

Түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсан хэргээр саатуулсан байна.

Ж.Жонсыг барьцаагаар суллах эсэхийг шийдэх шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 9-нд болох гэнэ. Ж.Жонс өмнө нь буюу 2012 онд согтуугаар жолоо барьсан хэрэгт буруутгагдаж байв. Түүнчлэн тайчих клубт нэгэн эмэгтэйг алгадсан хэрэгт шүүхээс ял сонссон удаатай. Тэнсэнгийн хугацаа нь өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд дууссан юм.