Риогийн олимпын алтан медальт, Бразилын жүдоч Рафаэль Сильва допингийн асуудлаар шүүхэд хандсан ч ялагджээ.
Өнгөрсөн жил Пан Америкийн АШТ-ий үеэр допингийн шинжилгээнд бүдэрсэн Рафаэль Сильва Спортын арбитрын шүүхэд (CAS) давж заалдсан ч бүтсэнгүй.
Энэ жил 28 настай бразил жүдочоос астматай хүн хэрэглэдэг фенотерол хэмээх хориотой бодис илэрсэн билээ. Улмаар Перуд түрүүлсэн алтан медалийг нь хурааж, барилдах эрхийг нь дүрмийн дагуу дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан юм.
Харин Р.Сильва шүүхэд гаргасан гомдолдоо “Пан Америкийн АШТ-ий үеэр хамт нэг өрөөнд байсан тамирчнаас эсвэл хөгжөөн дэмжигчдээс уг бодисыг санамсаргүйгээр авсан байх магадлалтай” гэж бичсэн юм. Давж заалдах шатны шүүгчид түүний хэргийг хэлэлцээд хордуулсан гэх нотолгоо олдоогүй тул өмнөх шийдвэрийг хэвээр баталжээ. Харин Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) санал болгосон барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хоёр жил болгожээ.
Ингээд зогсохгүй 2019 оны ДАШТ-ий ганцаарчилсан болон холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтыг нь хүчингүйд тооцох боллоо. Түүнчлэн Бразилын Их Дуулга тэмцээнээс авсан хүрэл медалийг нь хураана.
Р.Сильва жүдогийн ДАШТ-ий үеэр допингийн шинжилгээнд хоёр удаа хамрагдсан. Энэ үеэр түүнээс ямар нэг хориотой бодис илрээгүй юм. Бразилын холимог баг ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Монголын багийг 4:2-оор буулган авсан билээ.
Бразил жүдочийн шийтгэлийн хугацаа 2021 оны арваннэгдүгээр сард дуусна. Ингэснээр тэр ирэх жил зохион байгуулагдах Токио олимпын наадамд аваргаа хамгаалах боломжгүй болно.